Хөх Монгол – Цог клубын ээлжит нөхөрсөг тоглолт, бэлтгэл тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Хаврын шаргал нар моддын үзүүрт туяаран саатах тэр л сайхан цаг дор Зүүн Европын хөрш орнууд болон Герман, Чех улсад суугаа Монголчуудын нэгдэл болсон Хөх Монгол – Цог клубын ээлжит уулзалт, нөхөрсөг тоглолт, бэлтгэл тэмцээн халуун дулаан уур амьсгал дунд зохион байгуулагдаж, дурсамж дүүрэн өндөрлөв.
Энэ удаагийн уулзалт нь зөвхөн спортын өрсөлдөөн бус, сэтгэл зүрхэнд эрч хүч, урам зориг бэлэглэсэн анд нөхдийн баяр байлаа. “Нэг өдрийн уулзалт — мянган өдрийн нөхөрлөл” хэмээх үнэ цэнийг улам бататгасан энэхүү үйл ажиллагаа Европ дахь Цог, Хөх Монгол нийгэмлэгийн хамт олны эв нэгдэл, нөхөрлөлийн илэрхийлэл болов.
Хөх Монгол нийгэмлэгийн урилгаарх хүрэлцэн очсон бидний нөхдийг Чех улсын хилийн дээс давахаас буцах хүртэл Mugi Samdanjamts, Luvsantuvaan Batbaatar ахлагчтай хамт олон халуун дотноор угтан авч, ая тухтай байдлыг бүрэн ханган хүндэтгэл үзүүлсэнд гүн талархал илэрхийлье.
Аяллын хүрээнд оролцогчид Чехийн үзэсгэлэнт байгалийн нэгэн бахархал болох 1050 метрийн өндөрлөг уулын оргилд хүрч, байгалийн сайхныг мэдрэн, дурсгалын зургаа татуулан нэгэн цагийг мартагдашгүй өнгөрүүлэв. Тус газар нь өвлийн улиралд цанын бааз, зуны улиралд явган аялал, уулын спортын төв болдог онцлогтой ажээ.
Үргэлжлүүлэн зарим багийнхан буудалдаа амарч, нөгөө хэсэг нь Burg Kokořín, Bezděz Castle хэмээх түүхэн дурсгалт цайзуудыг зорин аяллаа баяжуулав. Орой нь Чехийн уламжлалт хоол, эрүүл агаартай хослон Máchovo jezero (мөн л 14-р зуунаар аялав) хиймэл нуурын хөвөөнд чөлөөт дасгал хийж, алжаалаа тайлсан нь аяллын нэгэн онцгой хэсэг байлаа.
Маргааш өглөө эртлэн босч, нуурийн эргээр хүн бүр өөрийн хэмнэлээр гүйж, бие халаалт хийсний дараа 10 цагаас нөхөрсөг тоглолтоо эхлүүлэв. Хөх Монгол клубын урилгаар Чехийн эмэгтэйчүүдийн шилдэг баг хүрэлцэн ирж, манай мастер болон дунд ангиллын эмэгтэй багуудтай тоглосон нь харилцан туршлага солилцсон үнэ цэнтэй мөч болов. Эрэгтэй багууд ч ширүүн өрсөлдөөн өрнүүлж, спортын нөхөрлөлийг улам бататгалаа.
Энэхүү нөхөрсөг тоглолт, бэлтгэл тэмцээн нь удахгүй Шведийн хаант улс-д зохион байгуулагдах Европын Монголчуудын ахмад сагсан бөмбөгчдийн аварга шалгаруулах уламжлалт тэмцээний өмнөх чухал бэлтгэл болсноороо онцгой ач холбогдолтой байлаа. Оролцогч багуудын хувьд ур чадвараа сорих, тактик туршлагаа сайжруулах, багийн уялдаа холбоогоо бэхжүүлэх үнэт боломжийг бүрдүүлэв.
Оройн арга хэмжээг Хөх Монголын хамт олон чин сэтгэлээсээ зохион байгуулж, зочиддоо мартагдашгүй үдшийг бэлэглэсэнд онцгойлон талархаж байна. Шөнө дунд хүртэл үргэлжилсэн баярын маргааш өглөө спорт анд нөхөддөө удахгүй дахин уулзахын ерөөл өргөн, халуун дотноор үдэлцгээв.
Энэхүү уулзалт нь нөхөрлөлийг арчилж, хамтын үнэ цэнийг эрхэмлэхийн чухлыг дахин сануулсан үйл явдал байлаа.
Дараагийн нөхөрсөг уулзалт, тэмцээн Берлин хотноо зохион байгуулагдах тул анд нөхөд, түнш нийгэмлэгүүдээ өргөнөөр оролцохыг урьж байна. Ялангуяа арын албаны эрхэм хүмүүс та бүхэн гэр бүл, үр хүүхдийн хамт хүрэлцэн ирж, хамтын уур амьсгалыг улам баяжуулан оролцохыг урьж байгааг онцлон тэмдэглэе.
Та бүхэнд эрүүл энх, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.