Европ дахь Монголчуудын насанд хүрэгчдийн сагсан бөмбөгийн XVIII аварга шалгаруулах тэмцээн Берлин хотноо амжилттай зохион байгуулагдлаа

Европын орнуудад ажиллаж, амьдарч буй монголчуудын дунд уламжлал болон зохион байгуулагддаг Насанд хүрэгчдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн XVIII удаагаа 2026 оны 10 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотноо Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн тэмцээнд Европын 9 орны 29 баг, үүнээс эмэгтэй 12, эрэгтэй 17 баг оролцож, аваргын төлөө өрсөлдсөн нь тэмцээний цар хүрээ, оролцогчдын идэвх улам бүр нэмэгдэж байгааг харууллаа. Тэр дундаа эмэгтэй багуудын оролцоо өмнөх жилүүдээс нэмэгдэж, энэ удаад хамгийн олон баг өрсөлдсөн онцлогтой байв.

Тэмцээний өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс аваргын цом болон тэмцээний үйл ажиллагаанд хүндэтгэл үзүүлж, ивээлдээ авсан нь оролцогчдод урам зориг өгсөн онцгой үйл явдал боллоо.

Тэмцээний аваргууд тодорлоо

Хоёр өдрийн турш үргэлжилсэн тэмцээний дүнгээр эмэгтэй, эрэгтэй ангиллын медальт байрууд дараах байдлаар шалгарлаа.

Эмэгтэй ангилал

Тэргүүн байр – Нэгүн баг (ХБНГУ)

Хоёрдугаар байр – Тэмүүлэл баг (БНЧУ)

Гуравдугаар байр – Winners баг (Швейцар)

Эрэгтэй ангилал

Тэргүүн байр – The Odds баг (Швед)

Хоёрдугаар байр – France баг (Франц)

Гуравдугаар байр – The Dubliners баг (Ирланд)

Тэмцээний үнэ цэнтэй тоглогчид (MVP)

Багийнхаа амжилтад үнэтэй хувь нэмэр оруулж, ур чадвар, тоглолтын үзүүлэлтээрээ онцгойрсон тамирчдаас дараах тоглогчид тэмцээний үнэ цэнтэй тоглогчоор шалгарлаа.

Эрэгтэй MVP: О. Маргад – The Odds баг (Швед)

Эмэгтэй MVP: О. Даваадаш – Нэгүн баг (ХБНГУ)

Спортын нөхөрлөл, хамтын нэгдэл

Европ дахь Монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн нь зөвхөн спортын амжилт, аваргын цомын төлөөх өрсөлдөөн төдийгүй Европын олон оронд амьдарч буй монголчуудыг нэгтгэж, нөхөрлөл, харилцаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлдэг уламжлалт арга хэмжээ юм.

Сагсан бөмбөг бол зөвхөн оноо, ялалт, цомын төлөөх өрсөлдөөн биш. Харин хамтдаа өнгөрүүлсэн мөч, нөхөрлөл, дурсамж, олон жилийн холбоог бий болгодог гайхалтай спорт билээ.

Тэмцээнийг дэмжсэн байгууллага, хамт олондоо талархал илэрхийлье

Энэхүү тэмцээнийг зохион байгуулах, хамтран ажиллах, дэмжихэд хувь нэмрээ оруулсан байгууллага, хамт олон, хувь хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Тэмцээнийг дэмжин ажилласан:

  • Цог Берлин Монгол Спорт клуб
  • МонБер клуб
  • hier gepostet
  • Vibration Berlin
  • MBF e.V.
  • Майдар холбоо
  • Өргөө хэл соёлын төв
  • МИАТ компани
  • GOBI CASHMERE – ХБНГУ дахь салбар
  • AP BLN Cargo
  • МЗХ-ХБНГУ дахь Салбар зөвлөл
  • Tuvd Agentur
  • Hotel am Buschkrugpark

Мөн тэмцээний үйл ажиллагааг дэмжсэн Enkhgerel Gudzuhn, Bold Gantuya, Uyanga Gottheit, Жимсээ, Хубилай, Байгал, Алимаа, Болороо, Даваанаа, Солонго, Сувд, Батаа нартаа болон бусад дэмжигч, сайн санаат хүмүүстээ гүн талархал илэрхийлье.

Тэмцээний албан ёсны хувцас, дурсгалын бүтээгдэхүүн болох Hoodie болон T-shirt-ийг бэлтгэн гаргасан Amar_arttt-д мөн талархал илэрхийлье.

Тэмцээний Ерөнхий зохион байгуулагч Европ дахь Монголчуудын сагсан бөмбөгийн холбооны цаашдийн ажил үйлс хэрэгт өндөр амжилт хүсэн ерөөе.

Нэг хүсэл, нэг зорилго – One Dream, One Nation

Европын монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах XVIII тэмцээн нь спортын өрсөлдөөнөөс гадна олон орны монголчуудын нөхөрлөл, эв нэгдэл, хамтын хүчийг илтгэсэн сайхан үйл явдал болон өндөрлөлөө.

Тэмцээнд оролцсон нийт баг, тамирчид, хөгжөөн дэмжигчид, зохион байгуулагчид болон дэмжин ажилласан бүх хүмүүстээ баяр хүргэж, талархал илэрхийлье.

Спортын нөхөрлөл улам өргөжиж, Европын монголчууд биднийг нэгтгэх энэхүү сайхан уламжлал үеийн үед үргэлжлэх болтугай!