Европын монголчуудын волейболын XII тэмцээн Прага хотноо амжилттай зохион байгуулагдлаа

2026 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Чех Улсын нийслэл Прага хотноо Европын монголчуудын волейболын XII тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн тэмцээнд Европын найман орны 44 баг оролцож, волейболын спортоор дамжуулан авхаалж самбаа, ур чадвар, багийн ажиллагаагаа сорин өрсөлдлөө.

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг энэхүү тэмцээн нь Европын орнуудад ажиллаж, амьдарч буй монголчуудыг нэгэн дор цуглуулж, спортын нөхөрлөл, хамтын ажиллагаа, эв нэгдлийг бэхжүүлдэг онцгой үйл явдал юм.

Тэмцээний аваргууд

Тэмцээний ангилал тус бүрд багууд ширүүн өрсөлдөөн өрнүүлж, дараах багууд медальт байруудад шалгарлаа.

Эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ангилал

  • Алт: MonBrit – Их Британи
  • Мөнгө: Ireland – Ирланд
  • Хүрэл: Сүлд – Швед

Эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ангилал

  • Алт: Соёмбо – Швед
  • Мөнгө: Emust – Герман
  • Хүрэл: Horde – Герман

Эмэгтэйчүүдийн мастер ангилал

  • Алт: Warriors – Чех
  • Мөнгө: Bataar – Австри
  • Хүрэл: Цог – Герман

Эрэгтэйчүүдийн мастер ангилал

  • Алт: BELGIUM – Бельги
  • Мөнгө: Аравт – Австри
  • Хүрэл: Алтан Прага – Чех

Багуудын онцлох амжилт

Энэ удаагийн тэмцээний эрэгтэйчүүдийн мастер ангилалд Бельгийн BELGIUM баг алтан медаль хүртсэн нь багийн хувьд онцгой амжилт байлаа. Тус баг 2023 онд хүрэл, 2024 онд мөнгөн медаль хүртэж байсан бол энэ удаа аваргын цомыг өргөж, амжилтаа ахиуллаа.

Мөн багийн тамирчдаас:

  • V. Жигүүр – тэмцээний үнэ цэнтэй тоглогч (MVP)
  • S. Гантулга – шилдэг давуулагч
  • Отгонбаатар – шилдэг холбогчоор тус тус шалгарлаа.

Эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ангилалд MonBrit баг аваргын алтан медаль хүртэж, амжилтаа бататгав. Тус багийн M. Ану ахлагч, T. Индра тэмцээний үнэ цэнтэй тоглогчоор (MVP) тодорсон байна.

Шведийн Соёмбо багийн хувьд мөн онцлох амжилт үзүүлж, өмнөх тэмцээнүүдэд гурван удаа мөнгөн медаль хүртэж байсан амжилтаа ахиулан энэ удаа залуучуудын эрэгтэй ангилалд алтан медаль хүртжээ.

Чехийн Алтан Прага баг эрэгтэйчүүдийн мастер ангилалд хүрэл медаль хүртсэнээс гадна багийн тамирчин Тэрбишийн Одoнхүү 40-өөс дээш насны ангиллын шилдэг довтлогчоор шалгарлаа. Тэрээр тэмцээний үеэр багийнхаа сайн ажиллагаа, холбогчийн дэмжлэгийн ачаар 40 насандаа ч залуу нас шигээ мэдрэмж авч тоглосноо онцлон, багийнхандаа талархал илэрхийлсэн юм.

Спортын нөхөрлөл, хамтын нэгдлийн баяр

Европын монголчуудын волейболын тэмцээн нь зөвхөн медаль, аваргын төлөөх өрсөлдөөнөөр хязгаарлагддаггүй. Энэ бол олон орны монголчууд уулзан учирч, танил нөхөрлөлөө сэргээж, шинэ холбоо харилцаа тогтоон, нэгэн зорилгын дор нэгддэг спортын баяр юм.

Тэмцээний үеэр үе үеийн тамирчид, залуучууд, ахмад үеийн төлөөлөл нэгэн талбайд цуглан, туршлага, ур чадвараа хуваалцаж, спортын үнэ цэнийг хамтдаа мэдэрлээ.

Зохион байгуулагчид болон сайн дурын ажилтнуудын хүчин чармайлт, багуудын идэвхтэй оролцоо, хөгжөөн дэмжигчдийн уухай, дэмжлэг нь тэмцээний уур амьсгалыг бүрдүүлсэн чухал хэсэг байв. Мөн тэмцээнийг шууд дамжуулснаар Прага хотод хүрэлцэн ирж чадаагүй олон монголчууд тэмцээнийг үзэж, баг тамирчдаа дэмжих боломжтой боллоо.

Энэхүү тэмцээнийг зохион байгуулахад хүч хөдөлмөр, цаг заваа зориулсан Европын Монголчуудын Волейболын Холбооны Чех дэх салбар, зохион байгуулагчид, сайн дурын ажилтнууд, ивээн тэтгэгчид болон дэмжин оролцсон бүх хүмүүст талархал илэрхийлье.

Мөн тэмцээнд оролцсон нийт баг, тамирчид, хөгжөөн дэмжигчдэдээ баяр хүргэж, цаашдын спортын замналд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

Европын хаана ч амьдарч байсан монголчууд биднийг нэгтгэх спортын нөхөрлөл улам өргөжин, дараагийн тэмцээнүүдэд улам олон баг, тамирчидтайгаа дахин уулзах болтугай!