“Freundschaft muss gepflegt werden” – “Нөхөрлөлийг арчилж байх хэрэгтэй”

Берлин Цог болон МонБавари клубын мастер эмэгтэй багуудын ээлжит нөхөрсөг тоглолт, хамтарсан бэлтгэл Берлин хот дахь Цог клубын бэлтгэлийн зааланд амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн уулзалт нь хоёр багийн дөрөв дэх хамтарсан бэлтгэл бөгөөд зочин баг маань зөвхөн 48+ багтай тоглоод зогсохгүй, Цог клубын өсвөрийн 38+ багтай мөн хүч сорин, үнэ цэнтэй туршлага хуримтлууллаа. Тоглолт бүр 4 үе, үе тус бүр 8 минут үргэлжилсэн нь ирэх зургаадугаар сард Шведийн Хаант Улсад болох Европын Монголчуудын аварга шалгаруулах тэмцээний хэмнэл, нөхцөлд бэлтгэж буй чухал алхам байв. Ийнхүү харилцан туршлага солилцож, спортын нөхөрлөлөө улам бататгасан, дурсамж дүүрэн нэгэн өдрийг хамтдаа өнгөрөөлөө.

Герман ардын түгээмэл хэллэг, зарчимд “Freundschaft muss gepflegt werden” буюу “Нөхөрлөлийг арчилж тордож байх хэрэгтэй” хэмээн өгүүлдэг. 500 км-ийн алсаас цаг зав, хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгөө зориулан хүрэлцэн ирж буй нь нэг талаасаа сайн дурын, чин сэтгэлийн үйл хэрэг боловч нөгөө талаасаа Монголчууд бид бие биедээ ойр байж, эв нэгдлийн гинжин хэлхээг спортоор дамжуулан бататгаж буйн тод жишээ юм. Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

2022 оноос хойш багаа бүрдүүлэн, тогтмол бэлтгэл сургуулилалт хийж, идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй МонБавари клубын спортын андууддаа ирэх тэмцээнд нь өндөр амжилт, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Клубын бодлогын нэгэн чухал хэсэг төдийгүй Европ дахь спортын олон зүтгэлтнүүдийн эрхэмлэн анхаарч, хэрэгжүүлж ирсэн үнэт зүйл бол клуб, багуудын хоорондын харилцаа холбоо, хамтын ажиллагаа билээ.

Энэ хүрээнд манай Цог клубын олон жилийн анд нөхөд, ахан дүүсийн холбоотой Хөх Монгол клубын хамт олонтойгоо ээлжит нөхөрсөг тоглолт, хамтарсан бэлтгэлээ хийхээр бэлтгэж байна. Удахгүй энэ аяллынхаа дурсгалтай мөчүүд, ховор нандин хүмүүстэй авхуулсан гэрэл зургууд болон сайхан мэдээгээ та бүхэнтэйгээ хуваалцах болно.

Берлин Цог Монгол Спорт клуб

2026 оны 4 сарын 26