S25 Berlin тэмцээний уур амьсгал дунд Берлин Цог Монгол Спорт клубын тэргүүн, БНМАУ-ын Спортын мастер М.Болд хагас марафон зайд амжилттай оролцож, олон жилийн дараа дахин том тайзан дээр гүйсэн сэтгэл догдлом мөчийг бүтээлээ.
Нэгэн цагт Монгол Улсын хөнгөн атлетикийн 100 метрийн зайн залуучуудын дээд амжилтыг удаан хугацаанд эзэмшиж явсан тэрээр барианд орсныхоо дараа
“35 жилийн дараа дахин энгэрийн номер зүүж, хөнгөн атлетикийнхаа ноён оргил хагас марафонд гүйж, Олимп болон дэлхийн аваргуудын мөр гаргасан цэнгэлдэх хүрээлэнд, тартан зам дээр дахин гүйх үнэхээр гайхалтай байлаа. Энэ жил Монголынхоо олон олон тамирчид, Элит гүйгч нарынхаа хамт оролцох алдарт Берлин марафоны маань бэлтгэл ийнхүү эхэлж буйд туйлын баяртай байна.” хэмээн сэтгэгдэлээ хуваалцлаа.
2026 онд 45 дахь удаагаа зохион байгуулагдсан энэ удаагийн S25 Berlin нь олон мянган гүйгчийг нэг дор цуглуулсан, жинхэнэ спортын баяр болж өнгөрлөө. Анх 25 км зайнаас эхэлж S25 хэмээн нэрлэгдсэн энэ тэмцээн өнөөдөр 5 км-ээс хагас марафон хүртэл төрөлжсөн, хүн бүр оролцох боломжтой гүйлтийн томоохон фестиваль болон өргөжжээ.
Өглөөний сэрүүн агаарт гараанаас хөдөлсөн гүйгчид хотын гудамж, ногоон ойг туулсаар… эцэст нь нэг л цэгт хүрнэ. Тэр бол — Olympiastadion Berlin.
Стадионы хаалгаар орж, олон мянган хүний алга ташилтан дунд барианд орно гэдэг бол зүгээр нэг гүйлт биш — өөрийгөө ялсан агшин байдаг.
Ийм л учраас S25 Berlin нь жил бүр олон хүний хүсэн хүлээдэг, дурсамж, урам зориг, шинэ зорилгын эхлэл болсоор байна.
Оролцсон Цогчууддаа болон нийт Монголчууд, Монголчуудын найз нөхөддөө халуун баяр хүргэе.
Алдарт Болд Mungun Bold мастертаа цаашдын спортын өндөр амжилт, спортод оруулж буй үнэт хувь нэмэрт нь талархал илэрхийлж, сүүн цагаан замнал бүхнийг хүсэн ерөөе.
Берлин Цог Монгол Спорт клуб
2026 оны 4 сарын 19-ны өдөр