Өнөөдөр болсон энэхүү сайн үйлсийн гүйлтэд Цог клубынхон Aхиллис Монгол клуб, Монголын Пара Усан Спортын Холбооны тамирчин Ө.Мөнхтөрийг дэмжин оролцлоо.
Мөнхтөр маань саяхан болсон алдарт Лондон марафонд амжилттай оролцоод, үргэлжлүүлэн 2026 оны 5 сарын 3–9-ний өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотноо зохион байгуулагдсан Дэлхийн Пара Усанд Сэлэлтийн Цуврал тэмцээнд Монголын Пара Усан Спортын Үндэсний Холбооноос анх удаа харааны бэрхшээлтэй S11 ангилалын тамирчнаар оролцож, Монголын спортын түүхэнд шинэ мөр, шинэ хуудсыг нээсэн бахархам амжилтын эзэн болоод эх орондоо буцаж яваа билээ.
Мөн өнөөдөр дэлхийн хамгийн өвөрмөц сайн үйлсийн гүйлт болох “Wings for Life World Run”-д амжилттай оролцож, 23 км замыг тууллаа.
Энэхүү гүйлт нь дэлхий даяар нэгэн зэрэг эхэлдэг, уламжлалт барианы шугамгүйгээр “Catcher Car” хэмээх виртуал барианы машин гүйгчдийг гүйцэн барьснаар өндөрлөдөг онцлогтой бөгөөд нугасны гэмтлийн судалгаанд зориулсан дэлхийн хэмжээний хүмүүнлэгийн гүйлт юм байна.
Мөнхтөр маань энэ удаагийн гүйлтээр Монгол оролцогчдоос 5 дахь хамгийн урт замыг туулсан гүйгч болжээ.
Түүний хөтлөгч буюу Guide гүйгчээр Цог клубын тэргүүн, хөнгөн атлетикийн СМ М.Болд, клубын гишүүн Б.Энхтүвшин нар оролцсон бол бусад Цог клубын гишүүд маань өртөөлөн дэмжиж, хамтдаа нэгэн утга учиртай, дурсамж дүүрэн өдрийг өнгөрүүллээ.
“Бидний улс нэгэн зүг зориглон хөдөлвөөс хүрэхгүй газар үгүй” хэмээх Сүх жанжны үгийг бодитоор мэдрүүлсэн эв нэгдэл, нөхөрлөл, дэмжлэг дүүрэн өдөр байв.
Цог клубын нийт гишүүдийн зүгээс Ө.Мөнхтөрдөө спортын өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Мөн гүйх, тэсвэрлэх, хамтдаа хүрэхийн утга учрыг бидэнд өөр өнцгөөс мэдрүүлж, үлгэрлэл болсон танд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Аян зам тань өлзийтэй байг!