Цог клубын хаврын баяр, клуб уулзалт өнгөрсөн амралтын өдрүүдэд өргөн дэлгэр, халуун дулаан уур амьсгал дор болж, Клубын гишүүд маань хамтдаа хөгжөөнт тоглоом тоглон инээлдэж, дуулж хуурдан, бүжиглэн нэг өдрийг мартагдашгүй дурсамжаар дүүрэн өнгөрүүлэв. “Айлын хоол амттай” хэмээх сайхан уламжлалын дагуу айл бүр өөрсдийн гарын хоол, идээ ундаагаа бэлтгэн авчирч, амттай сайхныг хуваалцсан нь баярын уур амьсгалыг улам чимлээ.
Энэ удаагийн уулзалтын үеэр бид ирэх тэмцээнүүддээ хэрхэн оролцох, ямар бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлэх, хэн хэзээ очих гээд тал бүрийн мэдээлэл солилцож, зөвхөн баяр тэмдэглээд өнгөрөх бус, цаашдын зорилго, зохион байгуулалтаа төлөвлөн ярилцсан сайхан орой байлаа. Юуны өмнө шинэ, залуу гишүүдтэйгээ илүү ойр дотно танилцаж, холбоо харилцаагаа бэхжүүлэх боломжийг бүрдүүлсэн сайхан оройг хамтдаа өнгөрүүлж, хөгжилтэй мөч, дурсамж бүтээн нэг баг, нэг гэр бүл гэдгийг улам бататган мэдрүүлсэн бүх гишүүддээ баярлалаа.
Европын өнцөг булан бүрт тархан суугаа Монгол спортын найз нөхөд та бүхнийг 2026 оны 6 сард болон Ахмад ангилалын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах уламжлалт тэмцээнүүддээ өргөнөөр хүрэлцэн ирж, хамтдаа инээж, хамтдаа өрсөлдөж, сайхан дурсамжийг хамтдаа бүтээцгээе хэмээн уриалж байна.
Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд Берлин хотноо MBF холбооноос 3 дахь жилдээ санаачлан зохион байгуулж буй “MBF Лига” цуврал спортын өдөрлөгүүдийн „нэг тойром“ амжилттай болж өнгөрлөө. Тус тэмцээнд Цог клубын тамирчид маань уламжлал ёсоор идэвхтэй оролцож, баг бүрт хуваагдан хүч сорин өрсөлдөж байна.
Энэхүү тэмцээний онцлог нь зөвхөн нэг клуб, нэг баг дотроо өрсөлдөх бус, харин нэг хот, нэг нийгэмлэгийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй төрөл бүрийн клуб, багууд холимог бүрэлдэхүүнтэйгээр оролцож буйд оршиж байна. Тоглолтын тойромууд бүтэн жил үргэлжлэх өгөөд эхний улиралд багууд драфтын зарчмаар буюу сонгогдсон ахлагчид бүртгүүлсэн тоглогчдоос ээлжилж сонгон багаа бүрдүүлдэг нь тоглогч бүрт тэгш боломж олгож буй шинэлэг зохион байгуулалт юм. Мөн энэ үеэр хүүхдийн тоглолтууд зохион байгуулагдсан нь ирээдүйн залгамж халааг дэмжсэн сайхан үйл ажиллагаа боллоо.
Ийм хэлбэрийн тэмцээн нь тамирчдад олон давуу талыг бий болгож байна. Нэгдүгээрт, тоглогч бүр заавал өөрийн үндсэн багтаа гол байр суурь эзлэхгүй ч өөр багт орж тоглосноор шинэ орчинд өөрийгөө сорих, ур чадвараа хөгжүүлэх өргөн боломжтой болдог. Хоёрдугаарт, урьд нь “өрсөлдөгч” гэж харж байсан баг, тоглогчдоо илүү ойроос таньж, тоглолтын хэв маяг, давуу болон сул талуудыг ойлгон, өөрийн тоглолтыг сайжруулахад чухал нөлөө үзүүлдэг.
Мөн ийм уян хатан бүтэц нь багуудын хоорондын “хаалттай” ойлголтыг халж, илүү нээлттэй, хамтын, нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлж байна. Тоглогчид өөрсдийн давуу талаа илүү тодорхой мэдэрч, шинэ байрлал, үүрэг роль дээр тоглон туршлага хуримтлуулах боломжтой болдог нь ур чадварын хөгжилд эерэг нөлөөтэй.
Залуучуудын хувьд энэ нь зөвхөн спортын өрсөлдөөн биш, харин шинэ найз нөхөдтэй болох, хүрээллээ тэлэх, хамтын ажиллагаа, харилцааны ур чадвараа хөгжүүлэх үнэт боломж болж байна. Өөр өөр хот, клубээс ирсэн Монголчууд нэгдэн тоглож, бие биенээ дэмжин, нэгэн нэгдмэл хамт олон болох суурь бүрдэж байгаа нь хамгийн чухал үнэ цэнэ юм.
Цаашид MBF холбооноос энэхүү лигийг илүү өргөжүүлж, зөвхөн Берлин төдийгүй Герман, цаашлаад Европт амьдарч буй Монголчуудын дунд нээлттэй, нөхөрсөг сагсан бөмбөгийн лиг болгон хөгжүүлэхээр зорьж байгаа нь бахархалтай хэрэг юм.
Спортоор дамжуулан бид нэгдэж, хөгжиж, нөхөрлөж чадна. Энэхүү сайхан санаачилгыг улам өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд нь MBF Berlin холбооны залуусдаа өндөр амжилт хүсье!
Берлин Цог Монгол Спорт клуб
2026 оны 3 сарын 30