XVII жарны Могой жилийн клубын онцлох гишүүн

Сар шинэдээ сайхан шинэлэв үү?

Европ дахь монголчуудыг ойртуулан нэгтгэж, хэл соёл, зан заншил, өв уламжлалаа хойч үедээ өвлүүлэн үлдээхэд спортын уралдаан, тэмцээнүүд онцгой үүрэг гүйцэтгэсээр ирсэн билээ.

Хилийн чанадад монголчуудын шинэ залуу үе өсөн төлөвшиж, улс орон, тив бүрт спортын алдарт тамирчид, манлайлагчид тодрон гарч, Монгол Улсынхаа нэрээр овоглон эх орноо сурталчилж буй бахархам мэдээг бид сүүлийн жилүүдэд олноор сонсож, омогшин хүлээн авсаар байна. Энэ бүхэн Европ дахь монголчуудын спортын хөдөлгөөнтэй салшгүй холбоотой юм.

Европ дахь монголчуудын уламжлалт тэмцээнүүдийн ууган нь болох Европ дахь монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн 2006 онд зохион байгуулагдсанаас хойш эдүгээ 20 жилийн түүхийг бүтээжээ. Өнөөдөр сагсан бөмбөг, волейбол, хөл бөмбөг, ширээний теннис, биллиард, Монгол шагайн харваа, Монгол бөх зэрэг олон төрөлд хүсэн хүлээдэг уламжлалт тэмцээнүүд тогтмолжиж, насанд хүрэгчид, мастер, өсвөрийн ангиллуудтай болон өргөжин тэлж байна.

Энэхүү хөгжил дэвшил нь улс орон бүрт үйл ажиллагаа явуулж буй спортын баг, хамт олон, клубүүдийн идэвх санаачилга, тууштай оролцоонд тулгуурлан бүрэлдэн тогтож, уламжлагдан хадгалагджээ.

Клуб, хамт олон бүрийн ард манлайлагч гишүүд, ар гэрийн халуун дэмжлэг, хамтын оролцоо байгаагүйсэн бол Европ дахь монголчуудын спортын өнөөгийн хөгжлийг төсөөлөхийн аргагүй юм.

Европын улс орнуудад суугаа үе үеийн спортын зүтгэлтнүүд, алдар суут тамирчид, ивээн тэтгэгчид, дэмжигчид, хөгжөөн дэмжигч Та бүхэндээ энэхүү 20 жилийн түүхэн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлж, чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Берлин хот дахь “Цог” Монгол спорт клуб нь жил бүр оны онцлох гишүүнээ шалгаруулан урамшуулдаг уламжлалтай билээ. Энэ жилээс уг уламжлалаа Монголын цагаан сарын баярын үеэр зохион байгуулж, үндэсний дээл хувцсаараа гоён хуучин оноо үдэж, шинэ оноо угтан, оны онцлох гишүүнээ ёслол төгөлдөр зарлалаа.

Сар шинийн билигт сайн өдрүүдэд клубын гишүүд уугуул нутгаасаа зорин ирсэн ахмадуудтай айл өрхөөр нь зочлон, золгон мэндчилж, монгол ёс заншлаа дээдлэн хүндэтгэл үзүүлж, халуун дотно уур амьсгал дор баяраа хуваалцлаа. Ийнхүү бид ахмадаа хүндэтгэх уламжлалаа хадгалж, эв нэгдлээ бэхжүүлэн шинэ оноо угтлаа.

XVII жарны Могой жилийн клубын онцлох гишүүнээр 2025 онд Европын монголчуудын дундах мастер ангиллын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнээс багаараа алтан медаль хүртэж, Монгол Улсын мастеруудын аварга шалгаруулах “Мастерс 2025” тэмцээний 50–54 насны ангилалд оролцон мөнгөн медаль хүртсэн Ц.Оюунцацралыг шалгарууллаа.

Клубын ууган гишүүн Ц.Оюунцацрал нь Европ дахь монголчуудын дунд зохион байгуулагддаг уралдаан, тэмцээнүүдэд тогтмол оролцож, багийнхаа үлгэр дууриал болон, спортын ёс зүйг эрхэмлэн манлайлагч гишүүн байсаар ирсэн билээ. Берлин хот дахь “Цог” клубын Могой жилийн онцлох гишүүн Оюундаа эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Гал морин жилд зохион байгуулагдах Европын монголчуудын уламжлалт тэмцээнүүдийн одоогоор батлагдсан товыг танилцуулбал:

– Европын монголчуудын аварга шалгаруулах 30+/33+ ангиллын сагсан бөмбөгийн II тэмцээн — 2026 оны 2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 1-ний өдрүүдэд Чех улсын Пилзень хотноо

– Европын монголчуудын дундах ширээний теннисний сонирхогчдын аварга шалгаруулах IV тэмцээн — 2026 оны 3 дугаар сарын 28–29-ний өдрүүдэд ХБНГУ-ын Халле хотноо

– Европын монголчуудын ахмад сагсан бөмбөгчдийн аварга шалгаруулах XVI тэмцээн — 2026 оны 6 дугаар сарын 13–14-ний өдрүүдэд Шведийн Стокхольм хотноо

Гал морин жилдээ уламжлалт тэмцээн уралдаандаа баг, хамт олноороо идэвхтэй оролцож, дурсамжаа хамтдаа бүтээн, нөхөрлөлөө бататган, эв нэгдэл, энх мэндийн билэгдэл дор дахин уулзан золгохыг хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн,

Берлин “Цог” Монгол спорт клуб

2026 оны 2 дугаар сарын 23

ХБНГУ, Берлин хот