Цог клуб ТАВАН БАГ – ТАВАН МЕДАЛИЙН БОЛЗОЛ хангаж бахархам амжилттай ирлээ.

Европын Монголчуудын ахмад Сагсан бөмбөгчдийн 10 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээн Унгар улсын Будапешт хотноо 2018 оны 5 дугаар сарын 4-6 өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө.

Манай Берлин Цог Монгол спорт клуб маань 10 дахь удаагийн ойн тэмцээндээ од хийморьтой сайхан оролцож, хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл болсон олимпын таван цагираг лугаа ТАВАН БАГ ТАВАН МЕДАЛИЙН БОЛЗОЛ хангаж бахархам амжилттай ирлээ. Тухайлбал уламжлалт энэхүү тэмцээндээ Ю.Болд ахлагчтай баг эрэгтэй 50+ насны төрөлд АВАРГЫН АЛТАН Медаль, С.Баяраа ахлагчтай баг эрэгтэй 45-49 насны ангилалд АВАРГЫН АЛТАН Медаль, Б.Сайханчимэг ахлагчтай баг эмэгтэй 35-43 насны төрөлд АВАРГЫН АЛТАН Медаль, А.Отгонтуяа ахлагчтай баг эмэгтэй 44+ насны төрөлд МӨНГӨН МЕДАЛЬ, Н.Тогтохбаатар ахлагчтай баг эрэгтэй 38-44 төрөлд хүрэл медалийн болзол тус тус хангасан баяртай мэдээг та бүхэндээ дуулгахад таатай байна.

Шилдэг тоглогчоор эрэгтэйчүүдийн 50+ ангилалд манай Герман улсын Берлин хотын Цог Монгол спорт клубийн тамирчин спортын мастер М.Болд, эрэгтэйчүүдийн 45- 49 Герман улсын Берлин хотын Цог Монгол спорт клубийн тамирчин П.Алтангэрэл, эмэгтэй 38-44 насны ангилалд Герман улсын Берлин хотын Цог Монгол спорт клубийн тамирчин Б.Батгэрэл нар шалгарсан бол эрэгтэй ТЭГШ тоглогчоор манай клубийн тамирчин спортын мастер Б.Дашдорж шалгарлаа.

Бусад багуудаас 38-44 насны ангилалд Шведийн MGL-OD клубийн тамирчин Д.Баттулга, эмэгтэй 44 дээш насны төрөлд Швед улсын MGL-OD клубийн тамирчин спортын мастер Өнөрхишиг, эмэгтэй ТЭГШ тоглогчоор Mon-Hun клубийн тамирчин олон улсын хэмжээний мастер Ц.Намжилмаа нар тус тус шалгарлаа.

Багийн нийлбэр дүнгээр Берлин хотын Цог Монгол спорт клуб гурван алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэн түрүүлж Алтан цом хүртсэн бол Швед улсын баг MGL-OD 2 алт, нэг мөнгө хоёр хүрэл медаль авч хүртэж удааллаа.

Байр эзэлсэн байдал
Эрэгтэй 50+
Алтан медаль : Герман улсын Берлин хотын Цог Монгол спорт клуб
Мөнгөн медаль : Швед улсын баг MGL-OD
Хүрэл медаль : Чех улсын ILT баг
Эрэгтэй 45-49
Алтан медаль : Герман улсын Берлин хотын Цог Монгол спорт клуб
Мөнгөн медаль : Герман улсын Монбер баг
Хүрэл медаль : Швед улсын баг MGL-OD
Эрэгтэй 38-44
Алтан медаль : Швед улсын баг MGL-OD
Мөнгөн медаль : Франц улсын Гэрэгэ баг
Хүрэл медаль : Герман улсын Берлин хотын Цог Монгол спорт клуб
Эмэгтэй 44 дээш
Алтан медаль : Швед улсын баг MGL-OD
Мөнгөн медаль : Герман улсын Берлин хотын Цог Монгол спорт клуб
Хүрэл медаль : Польш улсын Андууд баг
Эмэгтэй 35-43
Алтан медаль : Герман улсын Берлин хотын Цог Монгол спорт клуб
Мөнгөн медаль : Унгар улсын Mon-Hun баг
Хүрэл медаль : Швед улсын баг MGL-OD

Тус тэмцээний үеэр Европ дахь Монголчуудын дундах шатрын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн амжилттай болж өнгөрсөн ба тус тэмцээний мэдээллийг та бүхэндээ тусдаа хүргэх болно.

ТАВАН БАГ – ТАВАН МЕДАЛИАР ЭНГЭРЭЭ МЯЛААЖ оролцсон манай клубийн энэхүү түүхэн амжилт бол нийт гишүүд, тэдний ар гэрийн түшиг тулгуур нар болон дэмжигч, хөгжөөн дэмжигч нарын маань хамтын амжилт, эв нэгдлийн илэрхийлэл, хамтын баяр билээ.
Мөн бэлтгэл сургуулиа долоо хоногийн хоёр өдөр тасралтгүй явуулж ирсэн багийн дасгалжуулагч манай клубийн тамирчин, сагсан бөмбөгийн спортын мастер Б.Дашдоржийн нөр их хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр шим бөгөөд түүнчлэн хувийн болон багийн бэлтгэл сургуулилтаа тасралтгүй хийж хамрагдаж ирсэн бүх гишүүдийн маань ХАМТ ОЛНОО гэсэн СЭТГЭЛ, ЗҮТГЭЛИЙН яруу илрэл, үр дүн боллоо.
НЭГЭН ГЭР БҮР болж баяр гунигаа хамтдаа хуваалцаж ирсэн нийт КЛУБИЙН хамт олондоо болон улс улсаас хүрэлцэн ирсэн нийт оролцогч баг хамт олон, спортын анд найзууддаа ажил хөдөлмөр, спортын амжилт хүсээд, сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.

ТА БҮХЭН МААНЬ АЯН ЗАМДАА АЛЖААЛГҮЙ САЙН ЯВААД ХАРИАРАЙ, ДАРАА ЖИЛИЙНХЭЭ ТЭМЦЭЭНЭЭР ДАХИН БАЯР ХӨӨРӨӨР ДҮҮРЭН УУЛЗАЦГААЯ.

Берлин ЦОГ Монгол спорт клуб.

2018 оны 5 дугаар сарын 8 ны өдөр.

Жич: Монголын сагсан бөмбөгийн холбооны Европ дахь салбар зөвлөлийн тэргүүн Б.Бат-Өлзий хувийн эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтээ гаргасан тул дараагийн тэргүүнийг сонгох болон 11 дэх тэмцээнийг хаана зохион байгуулахыг 10-р тэмцээний дараа багуудын төлөөлөл хуралдаж, санал бодлоо солилцсон бөгөөд тус уулзалтын үеэр Чех улсад суугаа Волейболын спортын мастер Т.Одонхүүгийн санал болгосноор дээрх асуудлыг шийдвэрлэх түр зөвлөлийг байгуулан, тус түр зөвлөлөөс ойрын хугацаанд бусад багуудтай санал солилцож, шийдвэр гаргахаар санал нэгтэй шийдвэрлэсэн байна. Тус түр зөвлөлд Швед улсад суугаа Сагсан бөмбөгийн спортын мастер Ц.Мөнхтайван, Польш улсад суугаа Сагсан бөмбөгийн спортын мастер С.Батгэрэл, Герман улсад суугаа Сагсан бөмбөгийн спортын мастер Б.Дашдорж, Герман улсад суугаа Монбер багийн ахлагч Д.Эрдэмбаяр нар томилогдлоо. Түр зөвлөлийг Сагсан бөмбөгийн спортын мастер Б.Дашдорж ахлан ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert