Европын Ахмад Сагсан Бөмбөгийн Аваргын тэмцээн Польшид амжилттай зохион байгуулагдлаа.

Европ дахь Монголчуудын дунд уламжлал болон үргэлжилж буй Ахмад Сагсан Бөмбөгчдийн Европын аварга шалгаруулах тэмцээн энэ жил 15 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. 2025 оны тэмцээнийг Польшийн Плоцк хот хүлээн авч, олон зориулалттай спорт, соёлын томоохон байгууламж болох Orlen Arena-д зохион байгуулагдав.

Энэ жилийн тэмцээнд Европын 12 улсаас 32 баг, нийт 250 гаруй тамирчин оролцсон бөгөөд арга хэмжээ нь Плоцк хотын даргын ивээл дор зохиогдсон онцлогтой байлаа.

_НЭГЭН ТҮҮХ ӨГҮҮЛЭХЭД – МОНГОЛ МАНЛАЙЛАЛ._

Тэмцээний Ерөнхий зохион байгуулагчаар ажилласан “МОН-ПОЛ” Плоцк сагсан бөмбөгийн клубын ерөнхийлөгч Дамбадаржаагийн Энхбаатар нь 2018 онд Плоск хотын олон нийтийн санал асуулгаар Плоцк хотын түүхэнд гавьяа байгуулсан хүндэт иргэн хэмээн өргөмжлөгдсөн. 2018 онд явуулсан санал асуулгад түүнийг 83 гаруй хувийн саналаар дэмжиж, хотын иргэдийн хурлаас 100 хувийн саналтайгаар энэ нэр хүндтэй шагналыг хүртээжээ.

( ЖИЧ : Mon-Pol Płock эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн баг нь Польшийн 1 Liga Kobiet-т тоглодог ба баг нь 2018/2019 онд тухайн улиралд хамгийн өрсөлдөөнтэй багуудын нэг гэж тооцогдож байв. Тус клуб нь орон нутгийн сагсан бөмбөгийн хөгжлийг дэмжих, эмэгтэйчүүдийн спортын оролцоог нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг байна.

2024/2025 оны улиралд ч мөн Mon-Pol Płock баг 1 Liga Kobiet-д тоглож байгаа бөгөөд тэдний тоглолтын хуваарь, үр дүн, статистик мэдээллийг Польшийн Сагсан Бөмбөгийн Холбооны албан ёсны вэбсайтаас авах боломжтой. )

_БИДНИЙ АМЖИЛТ_

Берлин Цог Монгол спорт клуб тус тэмцээнд 5 ангилалд багуудаа оролцуулж, дараах бахархалтай амжилтыг гаргалаа:

🥇 Эрэгтэй 56+ ангилал – Алтан медаль

🥇 Эмэгтэй 49+ ангилал — Алтан медаль

🥈 Эрэгтэй 40+ ангилал — Мөнгөн медаль

🥉 Эмэгтэй 38+ ангилал — Хүрэл медаль

🏆 Эрэгтэй 49+ ангилал — Финалд шалгарав

Шилдэг тамирчнаар манай клубээс 56+ ангилалд Ю.Болд(@Bold Yunger), 49+ ангилалд Т.Сувд (@Suvd Tuul) нар шалгарч шилдэг амжилтын эздээр тодрон баяр дээр баяр нэмлээ.

_Хүндэтгэл, халуун уур амьсгал_

Тэмцээнд оролцсон эмэгтэй тамирчдыг зохион байгуулагчдын зүгээс сарнай цэцгээр угтаж, талархал илэрхийлсэн нь тэмцээний халуун дулаан уур амьсгалыг улам тодотгосон юм. Хаалтын ёслол нь хөгжим, инээд хөөр, дурсамжаар дүүрэн нэгэн гайхалтай үдшийг бүх оролцогчдод бэлэглэлээ.

_Талархал_

Европ дахь Монголчуудын спортын хөгжил, эв нэгдлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Польш дахь Монголчууд болон тэмцээний зохион байгуулагч “МОН-ПОЛ” клуб, MBAE – Европ дахь Монголчуудын сагсан бөмбөгийн холбоо болон нийт зохион байгуулагч нартаа гүн талархал илэрхийлье.

_Берлин Цог Монгол Спорт клуб_