2026 – ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ!

Айлчлан ирсэн 2026 оны анхны өдрийн мэндийг Цог гэр бүлээс өргөн дэвшүүлье.

2010 онд цөөн хэдхэн гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдаж, өрхөө татаж байсан манай хамт олон өнөөдөр үрээ танихгүй өнөр бүл болон өргөжин тэлж, амжилт бүтээл, хийж хэрэгжүүлсэн үйлсээрээ бахархмаар, эв нэгдэл, хамтын хүчээр гагнагдсан их айл болжээ.

(Он солигдох мөчид ирж амжаагүй гишүүдийн зураг дутуу байгааг онцлон дурдъя.)

Цог клубын гишүүдээс уугуул нутагтаа буцсан, үе үеийн олон олон Цогчуудад мөн сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.

2025 онд Цог клубын маань 15 жилийн ой тохиож, улиран одсон 2025 оноо манай хамт олон уламжлалт тэмцээнүүддээ амжилттай оролцон, 5 хос медалийн амжилтаар үдэн мордууллаа.

Цог Берлин Монгол спорт клубын хамт олон сагсан бөмбөг, волейбол, гүйлт, фитнессийн спортоор тогтмол хичээллэхийн зэрэгцээ, суугуул нутагтаа болон Европ тивд зохион байгуулагдаж буй биеийн тамир, спортын бүхий л үйл ажиллагааг идэвхтэй дэмжин ажиллаж ирсэн билээ.

Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлэн, манай ууган гишүүд болох ОУХМ С.Туяаг Биеийн тамир, спортын улсын хорооны БТС-ын 100 жилийн ойн медалиар, П.Алтангэрэлийг Биеийн тамир, спортын салбарын “Спортын алдар” одонгоор шагнаж урамшуулсан баярт мэдээг шинэ оны босгон дээр хүлээн авч, хамтдаа тэмдэглэн өнгөрүүллээ.

Клубын хамт олон уламжлал ёсоор хамтдаа хуучин оноо үдэж, шинэ оноо угтан авах цэнгүүнээ зохион байгуулж, оны азтанаа тодруулан, бяцхан үрсдээ Цогийн өвлийн өвгөн бэлгээ гардууллаа. Мөн баг бүр уран сайхны номероо хамт олондоо өргөн барьж, инээд хөөр, дурсамжаар дүүрэн он солигдох мөчийг хамтдаа бүтээсэн бидний түүхийг шингээсэн зургаа та бүхэндээ хуваалцаж байна.

2026 ондоо амжилт бүтээлээр дүүрэн байж, элгээрээ энх амгалан, үйлс бүхэн тань бүтэмжтэй байхын ерөөлийг бөмбөрцгийн өнцөг булан бүрд тархан суугаа Монгол болон олон үндэстний спортын анд нөхөддөө өргөн дэвшүүлье.

Берлин Цог Монгол спорт клуб

2026 оны 1 дүгээр сарын 1

Берлин хот