ЦОГ – Найзууд нөхөрсөг тоглолт IV.

Цог клуб үйл ажиллагааныхаа хүрээнд ХБНГУ-д мэргэжил эзэмшээд уугуул нутагтаа ажиллаж буй залуусын НАЙЗУУД багтай хамтын ажиллагаа үүсгэж жил бүрийн 1 сард нөхөрсөг тоглолт хийж ирсэн билээ.

2024 оны нөхөрсөг тоглолт тэмцээн энэ амралтын өдөр өргөн дэлгэр амжилттай болж өнгөрлөө.

Энэ жилийн нөхөрсөг тоглолт/тэмцээнд Монголоос Найзууд багаас гадна манай клубын түнш ахан дүүс Чех улсын Хөх Монгол клубын эрэгтэй эмэгтэй 38-44 насны баг болон 50+ насны эрэгтэй баг, мөн Европын Монголчуудынхаа дунд шинэ баг/клуб болох Герман улсын Нюрнберг хотын эмэгтэй баг бидний урилгаар хүрэлцэн ирж туршлага солилцлоо.

Зорин ирсэн багуудтайгаа Сагсан бөмбөгөөр нөхөрсөг тоглолт хийж, оройн нь хамтдаа спорт хөөрөлдөж, дуулж бүжиглэн нэгэн элгэмсэг дулаан өдрийг өнгөрүүлсэнд чинь сэтгэлийн талархал илэрхийлье.

Герман ардын зүйл үгэнд Freundschaft muss gepflegt werden – Андын харилцааг арчлах хэрэгтэй гэдэг нь

„Ариун хишиг нөхөрлөлийнх тул,

Найз нөхөддөө цаг гарга

Зvрх сэтгэлийн дуулал тул,

Инээж баясахад цаг гарга“

хэмээн Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын айлдсантай агаар нэгэн болуу.

Бидний нөхөрлөл хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж, Европын Монголчуудын уламжлалт тэмцээнээс өмнө бэлтгэл, сорил, туршлага солилцох чухал ач холбогдол бүхий спорт өдөрлөг болж буйд баяртай байна.

Зочин багууддаа аян замдаа алжаалгүй сайн яваад хүрээрэй. Ирэх жил улам өргөн бүрэлдэхүүнтэй уулзахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Photos by Uzmee – Herzlichen DANK

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert