SAVE THE DATE: УЛАМЖЛАЛТ ТЭМЦЭЭНИЙ ТОВ

ЕВРОП ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ IX тэмцээн Бүгд Найрамдах ЧЕХ Улсын нийслэл Алтан ПРАГ хотноо болохыг спорт сонирхогч та бүхэндээ албан ёсоор дуулгахад таатай байна.

ТОВ: 2023 оны 10 сарын 13, 14, 15-ний өдрүүдэд

ХАЯГ: SPORTOVNÍ CENTRUM ŘEPY, Na Chobotě 1420/16, 163 00 Praha 6 Řepy

SAVE THE DATE: Уламжлалт тэмцээндээ ажил амралтаа эртлэн зохицуулж өргөнөөр оролцохыг 2023 оны тэмцээнийг зохион байгуулах эрх хүлээн авсан ILT Team болон Монголын Волейболын холбооны салбар, Европ дахь Монголчуудын Волейболын холбоо – (ЕМВХ) ноос спорт клубын хамт олон, спортын найз нөхөд та бүхэндээ уриалж байна. Тэмцээний журам болон дэлгэрэнгүй мэдээлэл удахгүй та бүхэндээ хүргэж болно.

Тус тэмцээний үндсэн зорилго нь Eвропын Монголчуудаа спортын талбарт ойртон танилцуулж, Волeйболын спорт төдийгүй нийтийн биеийн тамир спортоор хичээллэх сонирхол төрүүлэх, зөв үлгэр дуурайл үзүүлэх, Монгол иргэдийн бие бялдарыг хөгжүүлэх, хүүхэд залуусыг уриалан дуудах, биe биeнээсээ харилцан суралцахад дэмжлэг үзүүлэх явдал юм.

Анхны тэмцээнд 8 орны 18 баг оролцож байсан бол энэ хугацаанд цар хүрээгээ тэлж Европын Монголчуудын хүсэн хүлээдэг нэгэн томоохон спорт, олон нийтийн арга хэмжээ болж чадсанаар 2019 онд 7-р тэмцээнд 12 орны 38 баг, дэлхий нийтийг хамарсан цар тахлын дараа 2022 онд зохиогдсон 8-р тэмцээнд мөн 12 оны 37 баг, 350 гаран тамирчид, хөгжөөн дэмжигчид, зохион байгуулагчид нийт 500 орчим хүн оролцжээ.

Европын улс орнуудтай хамтын ажиллагааг спортын салбар, бүтээлч үйлдвэрлэлийн салбараар дамжуулан хөгжүүлэх төр засгийн бодлогод нэн чухал ач холбогдол бүхий жилээс жилд өргөжин тэлж буй уламжлалт энэхүү тэмцээнийг чанартай зохион байгуулахаар зорин ажиллаж буй бидэнтэй хамтран ажиллах сонирхолтой хувь хүн, албан байгууллага нээлттэй буйгаа илэрхийлж байна. (Та бүхэн манай цахим шуудангийн euromongolvolley@gmail.com хаягаар бидэнтэй холбоо барьж болно)

Зохион байгуулагч

ILT Team (Чех)

Европын Монголчуудын Волейболын холбоо (EМВХ)

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert