Эмгэнэл

Бидний дотны анд Батзаяагийн Аюуш 2017 оны 4-р сарын 23-нд өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүллээ.

Б.Аюуш 1959 оны 7-р сарын 2- нд Улаанбаатар хотод төрсөн. 1977-онд Нийслэлийн 52-р дунд сургууль төгсөж БНАГУ-ын Лейпциг хотын Хердер институт, Нордхаузен хотын Техникийн дээд сургууль, Монгол улсын Политехникийн дээд сургуулийг дүүргэж инженер-эдийн засагч мэргэжил эзэмшин улс эх орондоо үр бүтээлтэй ажиллаж Үслэг эдлэлийн үйлдвэрийн орлогч даргаар ажиллаж байлаа.

Тэрбээр спорт, сурлагаар тэргүүний сурагч байж Математикийн улсын олимпиадын аварга, Ширээний теннисний залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд тогтмол өндөр амжилт гаргадаг байснаас гадна хүүхдүүдээ ширээний теннисээр амжилттай хичээллүүлж Германд өндөр амжилт гаргасан тамирчид болгосон билээ.

Мөн шатрын спортоор амжилттай хичээллэж Берлин хот дахь Шатрын клубээ олон амжилтаар мялааж ирсэн ухаалаг тоглолт, туршлагатай тамирчин байлаа.  

Талийгаач үр хүүхдүүддээ германы өндөр боловсрол эзэмшүүлж, тэднийгээ ажил амьдралын дөрөөнд хүргэж, спортоор бага наснаас нь хичээллүүлж ажил-спортыг амжилттай хослуулах чадвар эзэмшүүлсэн, үр хүүхдүүд ач нартаа болон ханьдаа хайр энэрлээ харамгүй хүртээж ирсэн хайртай хань, халамжит аав, энэрэл дүүрэн өвөө байлаа.

Түүний нийтэч, нөхөрсөг, ажилсаг хичээнгүй, үргэлж өөдрөг үзэлтэй-хөгжилтэй гэгээн дүр бидний сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдэх болно.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхдүүд, ах дүү, найз нөхөд, ойр дотнынхонд гүн эмгэнэл илэрхийлье.
Талийгаачаа бид үргэлж гэгээнээр дурсан санах болно.

Берлин хотын Цог Монгол спорт клуб

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert