Европ дахь монголчуудын ахмад сагсан бөмбөгчдийн III дугаар тэмцээний дүн

Европын Холбооны улсуудад сурч, хөдөлмөрлөж, амьдарч буй монголчуудын дунд уламжлал болгон зохиож ирсэн Ахмад сагсан бөмбөгчдийн III дугаар тэмцээн ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо 2011 оны 5 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө.

Тэмцээнд  Герман улсын Berlin, Leipzig хотын тамирчид, Польш, Чех, Унгар, Франц улсын нийт 150 гаруй тамирчид хурд хүчээ сорин оролцсоны дотор Монгол улсын гавьят дасгалжуулагч С.Баясгалан, Олон улсын хэмжээний мастер Мядаг, Энхжаргал нар болон  алдар цуутай спортын мастер 16, спортын дэд мастар 3  оролцлоо. Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Берлин хотын Цог клуб,ерөнхий шүүгчээр Биеийн тамир спортын тэргүүний ажилтан, хөнгөн атлетикийн спортын мастер М.Болд ажиллалаа.

Тэмцээний үеэр онцлох нэг үйл явдал болсон нь Монгол улсын засгийн газраас „Монгол улсад биеийн тамир хөгжсөний 90 жилийн ой“-г тохиолдуулан биеийн тамир спортыг хөгжүүлэх, Монгол улсыг Гадаадад сурталчилах, таниулахад гаргасан хувь нэмрийг өндөрөөр үнэлж Монгол улсын засгийн газрын шагнал „Биеийн тамир спортын тэргүүний ажилтан“ цол, тэмдэгээр анх энэ тэмцээнийг санаачлагчдын нэг Польш улсад суугаа Д. Энхбаатарыг шагнасан ба Биеийн тамир спортын газрын дээд шагнал „Спортын алдар“ -аар Герман улсад суугаа М.Лхагвацэнд, Унгар улсад суугаа Д.Ганхуяг нарыг шагнаж урамшууллаа. Шагналыг Монгол улсаас Герман улсад суугаа Элчин сайдын яамны Зөвлөх, Консулын хэлтсийн дарга Д.Туяа гардуулан баяр хүргэлээ.

Тэмцээний нээлтэд Берлин хотын Нархан Монгол сургуулийн бяцхан хүүхдүүд маань Төрийн дууллаа эгшиглүүлэн, тамирчиддаа амжилт хүсэн бүжиглэн үзүүллээ.

Эрэгтэй төрөлд Чех улсын баг 3-р байр хүрэл медаль, Герман улсын Цог клубын баг 2 дугаар байр эзэлж мөнгөн медаль,  Польш улсын Шонхор баг тэргүүн байр эзэлж алтан медаль тус тус хүртэв. Ийнхүү тус тэмцээний шилжин явах цомыг Польш улсын Шонхор баг ирэх жил хүртэл хадгалах боллоо.

Эмэгтэй багуудын тэмцээнд Герман улсын Цог клубын баг хүрэл медаль, Чех улсын Моннэт баг мөнгөн медаль, Польш улсын Андууд баг алтан медаль хүртлээ. Тэмцээний шилжин явах цомыг 3 удаа түрүүлсэн Польш улсын Андууд баг үүрд хадгалан үлдэх эрхтэй боллоо.

Тэмцээний Шилдэг эмэгтэй довтлогчоор Берлин хотын Цог клубын тамирчин Батгэрэл, шилдэг эрэгтэй довтлогчоор Польш улсын Шонхор багын тамирчин Мөнхтулга нар тус тус шалгарлаа. Энэ удаагийн тэмцээнд хамгийн ахмад эрэгтэй, эмэгтэй тамирчдыг шалгаруулснаараа онцогтой байлаа. Дашрамд сонордуулахад тэмцээний хамгийн ахмад эрэгтэй ахмад тамирчнаар Польш улсын Андууд багын ахлагч Мөнхсайхан, эмэгтэй ахмад тамирчнаар Берлин хотын Цог клубын тамирчин Лхагвацэнд нар шалгарч дурсгалын зүйлээр шагнууллаа.

3 Онооны шидэлтийн тэмцээнд Унгар улсын тамирчин Аюурзана түрүүлж, мөн Унгар улсаас ирсэн Монгол улсын сагсан бөмбөгийн спортын мастер, улсын 5 удаагийн аварга Бат-Өлзий удааллаа.

Дараагийн 2012 онд болон ээлжит 4 дах удаагийн тэмцээн Чех улсад зохион байгуулагдахаар боллоо.

Тэмцээний хаалтын ёслолын арга хэмжээнд Монгол улсын ардын жүжигчин, Монгол улсын Дуурь бүжгийн эрдмийн театрийн гоцлол дуучин А.Долгор ая дууны дээжээ өргөн, баярын үйл ажиллагаанд улам хөг нэмж өглөө.

Мөн тамирчиддаа зориулан элчин сайдын яамны ажилтан Д.Доржпүрэв, дуучин Гэрэл,  дуучин охин Б.Хулан ая дуугаа өргөж, авьяаслаг охин Ц.Буянаа өөрийн хийж, оёсон үндэсний хувцастайгаа бүжиглэн цугласан олондоо сонирхууллаа.

Тэмцээний цэнгүүний үер болсон багуудаас урлагийн номер шалгаруулснаас Польшийн Элчин сайдын яамны техникийн ажилтан Д.Ундрам гэр бүлийн хамт дуулж түрүүллээ. Штутгарт хотоос ирсэн Ганбаяр энэ урлагийн авьяастан хосдоо 100 Евроны шагнал гардууллаа. Мөн Унгар улсын багийн дуулсан дууг үзэгчдийн хүсэлтээр дахин дуулуулан баярын үйл ажиллагаа сайхан болж өнгөрлөө.

Тэмцээний зохион байгуулалт болон үйлчилгээний асуудалд бүх талаар хүчин зүтгэж үнэтэй хувь нэмэр оруулсан Берлин хотын Буяны сэтгэлт хүү баг-ын дүү нартаа чин сэтгэлийн талархлаа илэрхийлье.

Энд дарж зургын цомог үзнэ үү.

Ерөнхий зохион байгуулагч

ХБНГУ-ын Берлин хотын сагсан бөмбөгийн “Цог” клуб

2011 оны 5 сарын 23

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert